Ангараг гаригийн агаар мандал
Ангараг гаригийн агаар мандал нь Ангарагийг тойрон хүрээлж буй хийн давхарга юм. Энэ нь ихэвчлэн нүүрстөрөгчийн давхар исэл (95%), молекул азот (2.85%), аргон (2%)-оос бүрдэнэ. Мөн бага хэмжээгээр усны уур, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн дутуу исэл, устөрөгч, ховор хий агуулна. Ангарагийн агаар мандал нь дэлхийнхтэй харьцуулахад хамаагүй нимгэн бөгөөд хүйтэн байдаг. Агаарын хамгийн их нягтрал 20 г/м³ (дэлхийнхтэй харьцуулахад 2%), температур нь ерөнхийдөө тэгээс доош -60°C хүртэл хүйтэн байна. Дундаж гадаргын даралт нь 610 паскаль (0.088 PSI) буюу дэлхийнхээс 0.6% юм.
Одоогийн нимгэн Ангарагийн агаар мандал нь гадаргуу дээр шингэн ус байх боломжийг хаадаг ч олон судалгаагаар урьд нь Ангарагийн агаар мандал илүү зузаан байсан гэж үздэг. Хавар, намрын улиралд агаарын нягтрал их байдаг ч өвлийн улиралд туйлын мөсөн бүрхүүлд нүүрстөрөгчийн давхар исэл хэсэгчлэн хөлддөг тул 25%-аар буурдаг. Ангарагийн агаар мандлын хамгийн их нягтрал нь дэлхийн гадаргаас 35 км өндөрт орших нягтралтай тэнцэх бөгөөд ойролцоогоор 0.020 кг/м³ байдаг. Ангарагийн агаар мандал нь гаригийн цөмийн эргэлт удааширснаас хойш сансарт хий алдаж байгаа бөгөөд энэ алдагдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Ангарагийн агаар мандал нь нарнаас хол байрлалтай, бага нарны энерги хүлээн авдаг тул дэлхийнхээс хүйтэн байдаг. Үр дүнд нь Ангарагийн үр ашигтай температур ойролцоогоор 210 К (-63°C, -82°F) байна.