Андрей Власов

Андрей Власов

Андрей Андреевич Власов (1901 оны 9-р сарын 1-нд Нижегород мужийн Ломакинод төрсөн —1946 оны 8-р сарын 1-нд Москва хотод цаазлуулж нас барсан) - ЗХУ-ын Улаан Армийн дэслэгч генерал бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед Волховын фронтын командлагчийн орлогч, Цохилтын 2 дугаар армийн командлагч байхдаа Любаны операцийн үед армийнхаа хамт бүслэгдэхэд германчуудад бууж өгч олзлогдсон төдийгүй эх орноосоо урван Германы талд орж, Оросын чөлөөлөх армийг удирдаж Зөвлөлтийн эсрэг тэмцсэн хүн.

Намтар

А.Власов 1920 оны 5-р сард Оросын иргэний дайны үеэр Улаан армид татагдсан; 1938-1939 онд Японтой хийсэн дайны үеэр Хятадад цэргийн зөвлөхөөр ажиллаж байсан. 1942 оны 1-р сард Аугаа эх орны дайны үеэр Москвагийн тулалдаанд оролцсоныхоо дараа Андрей Власов дэслэгч генерал цолоор шагнагджээ.

1942 оны 6-р сард Власовын цэргүүд бүслэлтэнд орж 7-р сарын 12-нд А.Власов германуудад олзлогдсон байна.

Винница дахь олзлогдсон ахлах офицеруудын хуаранд байхдаа Власов хоёр сар орчмын дараа нацистуудтай хамтран ажиллахаар тохиролцож, олзлогдсон Зөвлөлтийн цэргийн албан хаагчдаас бүрдсэн "Оросын ард түмнийг чөлөөлөх хороо" (орос. Комитет Освобождения народов России, товч. КОНР) болон "Оросын чөлөөлөх арми" (орос. Русская Oсвободительная Aрмия, товч РОА) -ийг тэргүүлжээ.

1945 онд Прагийг чөлөөлөх ажиллагааны үеэр Власов Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдож, 1946 оны 7-р сард түүнийг эх орноосоо урвасан хэргээр буруутгаж, дэслэгч генерал цол, ЗСБНХУ-ын төрийн шагналыг хураан авч, ЗХУ-ын Цэргийн зөвлөлийн шийдвэрээр. ЗХУ-ын Дээд шүүх түүнийг 1946 оны 8-р сарын 1-нд Москва хотод дүүжлэн цаазалсан байна.