Жон Ирвинг

Жон Ирвинг 2010.09.14- д Кёльн хотноо

Жон Уинслоү Ирвинг нь (* 1942 оны 3-р сарын 2-нд Eксетер, Нью-Хэмпшир хотод төржээ.) АНУ- ын хамгийн алдартай зохиолч юм. "Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? /The World According to Garp" хэмээх роман нь амжилт олох хүртэл тэрээр хөл бөмбөг тоглонгоо газрын самар заран, зөөгч хийж, Америкийн Их Сургуулиудын бөхийн багийг дасгалжуулдаг байжээ. Энэ хүртэл түүнд зохиолоо бичихэд нь өдөрт ердөө хоёрхон цаг л олдож байв. 2000 онд Жон Ирвинг "Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules" зохиолоороо "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Түүнийг 2001 онд "American Academy of Arts and Letters" гишүүнээ болгосон байна. Түүний зохиолууд нь өдгөө 35 хэлээр орчуулагджээ.

Амьдралын зам

Тэрээр Жон Уоллас Блант нэртэйгээр хорвоод мэндэлжээ. Түүний эцэг нь байлдааны онгоцны нисгэгч байсан бөгөөд 1996 онд насан эцэслэв. Жон Ирвингийн ээж Хелен Францис Уинслоү нь сувилагч байсан бөгөөд хүүгээ төрөхөөс нь өмнө нөхрөөсөө салсан байна. Ээж нь 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хойд аав Коллин Ф. Н. Ирвинг Оросын түүхийн профессор бөгөөд түүнийг 6 настайд нь үрчлэн авч өөрийн овгоо өгсөн юм. 14 настайгаасаа Жон бөх барилдаж, зохиол бичиж эхлэв. Гэвч тэрээр Дислексия өвчин буюу унших /зөв бичих доголдолтойн улмаас сургууль дээрээ ихээхэн асуудалтай байлаа. Тэрээр 19 настайдаа хэдийнэ юу хийхийг хүсч буйгаа мэдэж байлаа: Бөх барилдах болон роман бичих. (Ишлэл: „Бичих бол барилдахтай адил. Зохиол бичихэд ч бас хичээл зүтгэл болон техник шаардлагатай. Аливаа зохиолыг бичихдээ дайсан уруугаа довтлох мэт дайрах ёстой. Барилдсaнаар би төвлөрч сурсан. Чухал бус зүйлүүдийг орхих тэр хонгилын үзүүрийн гэрлийг бөх надад харуулсан. Бөх барилдсанаар би өөртөө итгэх болон өөртөө шударга байх хоёрын ялгааг мэдсэн. Чи дээд зэргийн бэлтгэлтэй, соргог байж, юу чадахаа мэдэх ёстой. Гэхдээ өөрийгөө ялагдашгүй гэж бодож болохгүй. Эс тэгвээс чи урьд нь 10 удаа ялж байсан өрсөлдөгчдөө ч ялагдах болно.“)

Ирвинг Питтсбургийн Их Сургуульд 1961 оноос эхлэн Английн уран зохиолоор сурч эхэлсэн бөгөөд 1962/64 онуудад буюу 2 семестр Вена хотноо суралцаж байхдаа анхны романыхаа сэдвийг олжээ. Түүний өрөө нь хүйтэн байдаг байсан тул тэрээр амьтны хүрээлэн, цайны газруудаар цагаа өнгөрүүлэн, мотоциклоор давхиж, Гюнтер Грассын Тугалган бөмбөр /The Tin Drum романыг уншин, онгод орж Баавгайг сулла! /Setting Free the Bears хэмээх анхны номоо бичсэн нь 1968 онд хэвлэгдсэн байна. Венаас буцаж ирээд Ирвинг Нью-Хэмпшир Их Сургуульд элсэн орж, 1965 онд бакалавр зэрэгтэй төгсчээ. 1967 онд мастерын зэргээ Айовагийн Их Сургуульд хамгаалан Вермонтын нэгэн коллежид багшилж байлаа.

Тэрээр 3 дахь романаа хэвлүүлснийхээ дараа хэвлэлийн газар нь түүнийг хангалтгүй дэмжиж байна хэмээн үзэж, дараагийн Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? романаа өөр хэвлэлийн газарт хэвлүүлсэнээр түүний амжилтын гараа эхлэв. Уг романд зохиолч Т. С. Гарп болон түүний ээжийн талаар өгүүлдэг. Энэхүү роман нь асар их амжилт авчирсанаар Ирвинг багшлахаа болин зөвхөн зохиолоо бичих боломжтой болжээ.

Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? хэмээх романаас бусад зохиолуудыг нь герман хэлнээ Diogenes Verlag эрхлэн гаргасан байна. Rowohlt Verlag тус романыг герман хэлнээ анхлан хэвлэж байсан бол 2012 онд Diogenes Verlag тус романыг хатуу хавтастай хувилбараар мөн хэвлүүлжээ.

1998 онд бичсэн 1 жил бэлэвсэрсэн нь хэмээх романаас нь сэдэвлэн бичсэн түүний анхны Чимээ гаргахгүйг хичээдэг нэгэн чимээ нэртэй хүүхдийн ном 2003 онд хэвлэгджээ. Уг номын зургийг германы зохиолч, зураач Татьяна Хауптман зурсан байна.

Тэрээр анхны эхнэрээсээ 2 хүүтэй бөгөөд 39 насандаа гэр бүлээ цуцлуулж, 1987 онд ахин гэрлэн бага хүү нь мэндэлжээ. Жон Ирвинг Вермонт болон Канадaд ээлжлэн амьдардаг.

Зохиолын сэдэв

Тэрээр Чарльз Диккенс болон Гюнтер Грасс нарын уран зохиолыг үлгэр дууриал болгодог.

Баримтат кино

2012 онд Ирвингийн 70 насны ойн өмнөх өдөр түүний амьдралын тухай Жон Ирвинг - тэр дэлхийг хэрхэн хардаг вэ? хэмээх Германы баримтат кино гарчээ.

Зохиолууд

Романууд

  • 1968: Баавгайг сулла! /Setting Free the Bears. (герман хэлнээ Mихайл Волтер 1985 онд орчуулснаар: Laßt die Bären los!), ISBN 3-257-21323-9.
  • 1972: Ус уугчийн зэрлэг түүх /The Water-Method Man. (герман хэлнээ Эдит Нэркэ болон Юрген Бауер 1989 онд орчуулснаар: Die wilde Geschichte vom Wassertrinker), ISBN 3-257-22445-1.
  • 1974: Дунд зэргийн гэр бүл /The 158-Pound Marriage. (герман хэлнээ Николаус Штингл 1986 онд орчуулснаар: Eine Mittelgewichts-Ehe), ISBN 3-257-21605-X.
  • 1978: Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? /The World According to Garp. (герман хэлнээ Юрген Aбель 1979 онд орчуулснаар: Garp und wie er die Welt sah), ISBN 3-499-15042-5.
  • 1981: Нью-Хэмпшир дэн буудал /The Hotel New Hampshire. (герман хэлнээ Ханс Херманн 1982 онд орчуулснаар: Das Hotel New Hampshire), ISBN 3-257-21194-5.
  • 1985: Бурханы бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules. (герман хэлнээ Tомас Линдкүист 1988 онд орчуулснаар: Gottes Werk und Teufels Beitrag (Buch)|Gottes Werk und Teufels Beitrag), ISBN 3-257-21837-0.
  • 1989: Овен Мийни /A Prayer for Owen Meany. (герман хэлнээ Юрген Бауер 1990 онд орчуулснаар: Owen Meany), ISBN 3-257-22491-5.
  • 1994: Циркчин хүү /A Son of the Circus. (герман хэлнээ Ирэнэ Рүмлер 1995 онд орчуулснаар: Zirkuskind), ISBN 3-257-22966-6.
  • 1998: 1 жил бэлэвсэрсэн нь /Widow for One Year. (герман хэлнээ Ирэнэ Рүмлер 1999 онд орчуулснаар: Witwe für ein Jahr), ISBN 3-257-23300-0.
  • 2001: 4 дэх гар /The Fourth Hand. (герман хэлнээ Николаус Штингл 2002 онд орчуулснаар: Die vierte Hand), ISBN 3-257-23370-1.
  • 2005: Чамайг олох хүртэл /Until I Find You. (герман хэлнээ Дирк ван Гүнстерен болон Николаус Штингл нарын 2006 онд орчуулснаар: Bis ich dich finde), ISBN 3-257-06522-1.
  • 2009: Твистед голын хөвөөн дэх сүүлчийн шөнө /Last Night in Twisted River. (герман хэлнээ Ханс M. Герцог 2010 онд орчуулснаар: Letzte Nacht in Twisted River), ISBN 3-257-06747-X.
  • 2012: Нэгэн хүний дотор /In One Person. (герман хэлнээ Ханс M. Герцог болон Aстрид Aрц 2012 онд орчуулснаар: In einer Person), ISBN 3-257-06838-7.

Бусад номууд

  • 1993 Trying to Save Piggy Sneed/ Пигги Снидийг аврах оролдлого. (германаар Rettungsversuch für Piggy Sneed. Дирк ван Гүнстерений орчуулснаар), ISBN 3-257-22779-5. (Богино өгүүллэгүүд болон Чарльз Дикенсийн тухай өгүүлэл).
  • 1996 The Imaginary Girlfriend/ Сэтгэлийн найз бүсгүй. (германаар Die imaginäre Freundin. Ирэнэ Рүмлерийн орчуулснаар), ISBN 3-257-23308-6. (Барилдах ба зохиол бичих нь – Намтар).
  • 1999 My Movie Business. Миний амьдрал, миний романууд, миний кинонууд. (германаар Mein Leben, meine Romane, meine Filme. Ирэнэ Рүмлерийн орчуулснаар), ISBN 3-257-06238-9. (Туршлага болон романуудынхаа тухай. Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /Gottes Werk und Teufels Beitrag кино зохиолын тухай).
  • 2002 Герман уруу аялсан нь ISBN 3-257-70176-4. (90- ээд оны Герман орны талаарх сэтгэгдэл).
  • 2003 Чимээ гаргахгүйг хичээдэг нэгэн чимээ /Ein Geräusch, wie wenn einer versucht, kein Geräusch zu machen. ISBN 3-257-01102-4 (1 жил бэлэвлсэрсэн нь романы эхний хэсгээс сэдэвлэсэн хүүхдийн ном. Татьяна Хауптман зургийг зуржээ.

Кино

  • 1982: Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? – Найруулагч: Жорж Рой Хилл – (Гол дүрүүдэд Робин Уилиамс болон Гленн Клоус нар тогложээ.)
  • 1984: Нью-Хэмпшир дэн буудал (Жоди Фостер гол дүрд нь тоглов. Бо Бриджес болон Нартасья Кински нар туслах дүрүүдэд тоглосон.)
  • 1998: Овен Мийни роман Симон Бирч нэрээр дэлгэцнээ гарчээ.
  • 1999: Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо (Майкл Кейн, Шарлиз Терон болон Тоби Магуайр нар уг кинонд тоглосон байна.)
  • 2004: Шалан дахь хаалга (The Door In The Floor,The Door In The Floor) 1 жил бэлэвсэрсэн нь романы эхний хэсгээр бүтээсэн кино. (Дүрүүдэд Жефф Бриджес болон Ким Бейсингер нар тогложээ.)

Гарп ертөнцийн хэрхэн харсан бэ? кинондоо Ирвинг сургуулийн багийг удирддаг шүүгчийн туслах дүрийг, Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо кинонд гал тэрэгний өртөөний зохицуулагчийн дүрийн тус тус бүтээсэн байна.

Шагнал, өргөмжлөл

  • 1980: National Book Award-ыг Гарпын нүдээр ертөнцийг харах нь /The World According to Garp романаараа,
  • 1999: NBR Award-ыг "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules зохиолоороо,
  • 2000: Oскарын шагналыг "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules зохиолоороо,
  • 2000: Golden Satellite Award-ыг "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules зохиолоороо тус тус хүртжээ.

Нэмж унших

  • Хартмут Браун: Literatur als Zerrspiegel. Metafiktion in den Romanen von John Irving. Der Andere Verl., Oснабрюк 2004, ISBN 3-89959-197-6.
  • Барбара Синик: Die sozialkritische Funktion des Grotesken. Analysiert anhand der Romane von Vonnegut, Irving, Boyle, Grass, Rosendorfer und Widmer. Майны Франкфурт u. a.: Lang 2003. (= Wiener Beiträge zu Komparatistik und Romanistik; 12) ISBN 3-631-50649-X.
  • Элке Вайс: John Irving und die Kunst des Fabulierens. Майны Франкфурт u. a.: Lang 2002. (= Bremer Beiträge zur Literatur- und Ideengeschichte; 37) ISBN 3-631-38889-6.
  • Жон Ирвинг: Сэтгэлийн найз бүсгүй. Барилдах болон зохиол бичих нь. Цюрих: Diogenes Verlag 2002, ISBN 3-257-23308-6.

Холбоос