Зуу Удын чуулган
Зуу Удын чуулган бол Манж Чин улсын үеийн Өвөр Монголын зургаан чуулганы нэг. Тухайн үед Оннигудын зүүн гарын хошууны Зуу Уд гэдэг газар чуулган чуулдаг тул Зуу Удын чуулган гэж нэрлэжээ. Одоогийн Өвөр Монголын Улаан хад хотын нутаг дэвсгэрийг бүрэн хамарч байжээ.
Чуулганы бүтэц
Зуу Удын чуулганд дараах хошуу багтаж байсан. Үүнд:
- Найман хошуу
- Аохан хошуу
- Баарин баруун хошуу
- Баарин зүүн хошуу,
- Жарууд баруун хошуу
- Жарууд зүүн хошуу
- Хишигтэн хошуу
- Оннигуд баруун хошуу
- Оннигуд зүүн хошуу
- Ар Хорчин хошуу
- Халх зүүнгарын хошуу зэрэг 11 хошуу харьяалагдаж байжээ.
Эдгээр хошууг захирсан засаг ноёд бүгд Чингис хааны дүү нар, үр хойчис, удам угсааныхан болно. Батмөнх Даян хааны ач Боди Алаг хааны дүү Алима ноёны хоёрдугаар хөвгүүн Эсэн үйзэн Найман хошууны ноён болов. Батмөнх Даян хааны тавдугаар хөвгүүн Алчуболд Жарууд, Баарин хоёр хошууны ноён болов. Батмөнх Даян хааны зургаадугаар хөвгүүн Очирболд Хишигтэн хошууны дээдэс болов. Хавт Хасарын үр хойчсын нэгэн салаа нь Ар Хорчины дээдэс болов. Отчигин ноёны үр хойчис нь Оннигуд 2 хошууны дээдэс болжээ.
Халхын Засагт хан аймгийн Шолой убаши хунтайжийн гуравдугаар хөвгүүн Гомбо-Илдэн ноён дотоодын үймээнээс зайлж Энх амгалан хааны гуравдугаар онд (1664) Өвөр Монголд ирж Манжийг дагасанд Халхын зүүн гарын хошуу хэмээн нэрлэж засаг өргөмжлөн Зуу Удын чуулганд харьяалуулжээ.[1]