Лунд их сургууль
Лунд Их Сургууль (шведээр: Lunds universitet) нь Шведийн олон нийтийн судалгааны их сургууль бөгөөд Хойд Европын хамгийн эртний их сургуулиудын нэг юм. Тус их сургууль нь Шведийн Сканиа мужийн Лунд хотод байрладаг. Лунд хот нь эрт дээр үеэс боловсрол, шашны төв байсан бөгөөд Данийн тэргүүн ламын суудаг хот байжээ. Санваартнуудын боловсрол олгох сүмийн сургууль (katedralsskolan) нь 1085 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр Скандинавын хамгийн эртний сургуулиудын нэг юм. Дундад зууны үед их сургуулийн боловсролыг бий болгох оролдлого 1485 онд гарсан боловч амжилтад хүрээгүй ажээ. 1425 онд Лунд хотод Францисканчуудын “Studium generale” байгуулагдсанаар тус их сургууль эхлэлээ тавьсан. 1658 онд Роскиллегийн гэрээгээр Швед улс Сканиа нутгийг Дани улсаас авсны дараа их сургууль 1666 онд албан ёсоор Лунд сүмийн хажууд байрлах уг суурин дээр байгуулагдсан. Тус Их сургууль нь Шведийн хааны байгуулсан 5 дахь боловсролын байгууллага болжээ. Үүнээс өмнө 1477 онд Уппсала их сургууль, 1632 онд Тартугийн их сургууль (Academia Gustaviana, одоо Эстонид байдаг), 1640 онд Або Академи (швед. Åbo Akademi, одоо Финландад швед хэлээр заадаг сургууль) болон 1648 онд Грейфсвальдын их сургууль (герман. Universität Greifswald, одоо Германд байдаг) байгуулж байжээ. Энэ Их сургуулийг Шведийн хаан X Карл Густавын нэрэмжит "Academia Carolina" гэж нэрлэжээ. Энэ нэр нь 19-р зууны сүүлч хүртэл "Лундыих сургууль" гэсэн нэр өргөн хэрэглэгдэх хүртэл албан ёсоор ашиглагдаж байв.
Их сургууль байгуулагдахад хууль, шашин судлал, анагаах ухаан, философи гэсэн дөрвөн факультеттай байсан. Эдгээр ангиуд нь "тулгын чулуу" байсан бөгөөд уг систем нь 200 жил үргэлжилсэн ажээ. 17-р зууны төгсгөлд оюутнуудын тоо 100 хүрч байжээ. Өдгөө Лунд Их Сургууль нь 9 факультеттэй бөгөөд Мальмө, Хельсингборг хотод нэмэлт кампустай. Одоогоор 47,000 орчим оюутан 241 хөтөлбөр болон 1,450 бие даасан сургалтад хамрагддаг. Тус сургууль нь 70 орны 560 түнш их сургуультай. Лунд Их Сургууль нь Европын Судалгааны Их Сургуулиудын Лиг болон олон улсын Universitas 21 сүлжээний гишүүн юм. Тус сургуулиас таван Нобелийн шагналт, Филдсийн медальт, ерөнхий сайд, бизнесийн манлайлагчид төрөн гарсан.
Лунд Их Сургууль сүүлийн жилүүдэд материал судлалын чиглэлээр хоёр томоохон стратегийн байгууламжид анхаарал хандуулж байна:
- MAX IV: 2016 оны 6-р сард ашиглалтад орсон синхротрон цацрагийн лаборатори.
- Европын Спалляцийн Эх Үүсвэр (ESS): Одоогийн байгууламжаас 100 дахин илүү нейтроны туяа үүсгэх чадалтай шинэ Европын байгууламж бөгөөд 2027 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй.
Их сургууль нь Лундагорд цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо төвлөрдөг бөгөөд Лунд сүмийн ойролцоох хэд хэдэн байршилд салбаруудтай. Гэхдээ ихэнх нь цэцэрлэгт хүрээлэнгийн хойд зүгт байрлах их сургуулийн эмнэлгийн бүсээс эхлээд хотын зүүн хойд захад орших Инженерийн факультетийн томоохон кампустай холбогдсон хэсэгт төвлөрдөг.
Тэнхимүүд
- хүмүүнлэгийн болон шашны факультет (Humanistiska och teologiska fakulteterna);
- хууль зүйн факультет (Juridiska fakulteten);
- урлагийн факультет (Konstnärliga fakulteten);
- анагаах ухааны факультет (Medicinska fakulteten);
- байгалийн ухааны факультет (Naturvetenskapliga fakulteten);
- нийгмийн ухааны факультет (Samhällsvetenskapliga fakulteten).