Зүрчид
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | ᠵᠥᠷᠴᠢᠳ |
монгол кирилл. | зүрчид, зөрчид, жүрчид |
Зүрчид, Зөрчид[1], Жүрчид[2] (манж бичиг:ᠵᡠᡧᡝᠨ, галиг: Jušen; хятад: 女真, пиньинь: Nǚzhēn) — 12-р зуунд мандаж байсан, Манж үндэстний өвөг дээдэс нүүдэлчин ард түмэн. Тэд Уссури болон Хар мөрний орчим нутаглаж байжээ. Зүрчидийн байгуулсан Алтан улс (1115-1234) нь Сүн улсыг цохин урагш нүүлгээд Кидан улсыг мөхөөж 119 жил оршин тогтноод 1234 онд Их Монгол Улсад мөхөөгдсөн билээ.
Түүх
Зүрчидийн өвөг дээдсийн тухай анхны сурвалжийн мэдээ нь эртний хятадын түүхэнд Байлдаант улсын үед сүшэнь, фуюй, Хань улсын үед илоу, Умард ба Өмнөд улсын үед Ужи, Тан улсын үед мохэ, Киданы үед нюжин буюу зүрчин гэж тэмдэглэж буй. Тэдний нутаг нь одоогийн БНХАУ-ын Хар мөрөн муж, Гирин муж, Ляонин муж болон ОХУ-ын Хабаровск муж, Приморийн хязгаар нутаг дахь ой тайга, гол мөрний сав газарт ан гөрөө, газар тариалан, цөөн тооны мал аж ахуй эрхлэн амьдарч байсан.
Кидан улсын ноёрхолд байсан зүрчид аймгийн дотроос Вангин овгийн Агуда ноён 1115 онд бүх зүрчид овгуудыг нэгтгэж Алтан улсыг байгуулж, өөрөө энэ улсын хаанаар өргөмжлөгдсөн. Улмаар хятадын Сүн улстай холбоо тогтоож Киданы эсрэг арван жил байлдаж, 1125 онд Киданы ихэнх нутгийг эзлэн, Елюй Яньсюй хааныг нь олзлон авсан. 1127 онд Сүн улсыг гэнэдүүлэн довтлож, Хөх мөрнөөс хойшх нутгийг нь эзлэхдээ Хуйзун, Циньзун хоёр хааныг гэр бүлийнх нь хамтаар олзлон авсан. Сүн улстай олон удаа байлдахдаа 1142, 1161, 1206 онуудад найрамдлын гэрээ байгуулж, хятадуудаас жил бүр их хэмжээний албан татвар авахаар тохирч байсан.
1211 оноос 1234 он хүртэл Их Монгол Улсын довтолгоонд өртөж, удаан байлдсны эцэст ялагдаж мөхсөн. Юань Улсын үед Ляоян синшэнд багтан аж төрж байв. 1368 онд монголчууд хятадаас хөөгдөж, эх нутагтаа ирсний дараа Ляоян мужийг дангаар ноёрхож асан Нагачу жанжин 1387 онд Мин улсад ялагдаж бууж өгснөөр монголчуудын ноёрхолд байсан зүрчид аймгууд хятадын Мин улсад дагаар орсон.
Мин улсын үед тэд Хайши, Жяньжоу, Зэрлэг Зүрчид гэх гурван том хэсэгт хуваагдаж байсныг монголын сурвалж бичигт "усны гурван түмэн зүрчид" гэж байсан. 1584 оноос Жяньжоу зүрчиний Одоли хотын ахлагч Гиоро овгийн Нурхачи гэх хүмүүн бусад овог аймгуудаа нэгтгэж эхэлсээр 1616 онд Хожуу Алтан улсыг байгуулснаар зүрчид үндэстэн 300 гаруй жилийн дараа дахин тусгаар улстай болсон. Нурхачийг залгамжлагч Дээд эрдэмт хаан 1636 онд улсын нэрээ Их Чин улс гэж өөрчлөхдөө, зүрчид гэх хуучин нэрээ манж хэмээх шинэ нэрээр сольжээ.
Зүүлт, тайлбар
- ↑ Монгол хэлний товч тайлбар толь. 280-р тал
- ↑ Эдгээр нь үгийн олон тооны хувирал. Ганц тооны нэрээр Зүрчин, Зөрчин, Жүрчин гэнэ.